ЛЕКЦ-1. БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, СУДЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
·
Ёс зүй ба ёс суртахууны үүсэл,
хөгжил
·
Бизнес ба бизнесийн ёс зүй
·
Бизнесийн ёс суртахуун
·
Бизнесийн байгууллагын соёл
Нийгэм
хэмээх хамтлагт хамрагдаж, тодорхой харилцаанд орж буй бид бүхний хувьд тухайн
нийгмийнхээ дүрэм журам, хэм хэмжээг даган мөрдөх асуудал гарцаагүй шинж
чанартай. Нэг талаас, хууль дүрэм, ёс зүйн хэм хэмжээ зөрчилдөх ёсгүй. Нөгөө
талаас, саяын дурдсан хоёр төрлийн хэм хэмжээнээс ангид эсвэл үл захирагдах,
даган мөрдөхгүй байх эрхтэй нийгмийн гишүүн гэж байдаггүй. Өнөөдрийн бидний үзэх ёстой хичээлийн нэр
“Бизнесийн ёс зүй” болно. Бизнесийн ёс зүй гэх ухагдахууныг авч үзэхийн урьд
давын өмнө судалбаас зохилтой тодорхой ойлголтууд байна. Эдгээрийн нэг нь ёс
зүй гэх ойлголт юм.
Ингэхэд
ёс зүй гэж юуг хэлэх вэ?
Үг
зүйн хувьд ёс зүй буюу ethos нь эртний
Грекийн “зан суртхаал”, “зан заншил” гэх утгыг илэрхийлэх бөгөөд цольд гүн
ухаантан Аристотель (МТӨ 384-322 он) анх
хэрэглэжээ. Түүний үзсэнээр, зөв, ёс суртахуунлаг амьдрахын тулд хүн хэрхэн аж
төрөхийг заан сургасан практик философи мэдлэгийг ёс зүй гэдэг байна. Гэвч хүн
төрөлхтний түүхийн явцад ёс зүйн үзэл санаа тогтонги бус, байнгын хувьсал,
өөрчлөлтөд орсоор ирсэн билээ. Товчоор хэлбэл, хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд
шинэ утга санаагаар баяжигдан иржээ.
Хүн төрөлхтний түүхийн анхдагч үе хүй элгэний нийгэмд
тусгайлсан хэм хэмжээ хүчтэй хөгжсөнгүй, чухамдаа зөн совингийн хүрээнд хүмүүс
хоорондын харилцаа зохицуулагдаж байжээ. Гэтэл нэлээд хожуу үеийн тухайлбал,
дундад зууны болон аж үйлдвэр хөгжсөн нийгмийн харилцаанд хууль тогтоомжийн
зэрэгцээ ёс зүйн хэм хэмжээ бат нотоор нэвтэрч, зохицуулалтын шинж чанартай
болж хувирчээ. Хүн хүрээлэн буй орчиндоо нийцтэй байх, оюун ухаан болон бие
бялдарын хөгжлөө өвтэгш хангах, байгалийн юм, үзэгдэлд эрүүл сэтгэлгээгээр
хандах зэрэг нь ёс зүйн хэм хэмжээнд анхдагч шинж агуулж байсныг бид бүхэн
Грек-Ромын үеэс тодхон харж болох юм.
Бичвэр №1
Эртний Афин хот улсын I стратеги Перикл насны чээжинд гарч, үхлээ хүлээн өдөр, хоногийг
өнгөрөөх болжээ. Түүний гэрт зочилсон нөхөд нь Перикл их зангарагатай төрийн
түшмэл байсан тухай, дайсандаа хичнээн хатуу нэгэн байсан тухай өгүүлэх аж.
Гэтэл үхлүүт Перикл толгой өндийлгөөн “Та нар бусдын хийсэн үйлийг надад
нялзаан магтах хэрнээ миний хийсэн үйл хэргийн нэгийг ч дурдахгүй юм. Хомс
хүний төр жолоодох үед Афины нэг ч иргэнийг миний зарлигаар цаазалж байгаагүй
юм шүү” хэмээн хариу өчжээ.
Лекцийн бичвэртэй холбоотойгоор өгүүлэхэд хүмүүн
ухамсарын төвшинд нэг талаас, “ёс зүй”, нөгөө талаас, “ёс суртахуун” гэх хоёр
ойлголтын ялгамжтай талыг бүрхэгдүүлэн авч үзэх тохиолдол байна.
“Нийтээр хүлээн авсан уламжлал”, “дүрэм”
гэх утга бүхий гүн ухаантан Марк Туллий Цицероны нэвтрүүлсэн ёс суртахуун буюу moralitas гэх ойлголт нь сайн, муу, сайхан, муухайн тухай нийгэмд
тогтсон даган мөрдвөл зохих хэм хэмжээг хэлдэг бол ёс суртахуун буюу moralitas-ыг судлах мэдлэгийн төрлийг ёс зүй гэдэг байна. Ингэхлээр
бидний үзэх үндсэн хичээлтэй холбон тайлбарлавал бизнесийн ёс зүй гэдэг нь хүмүүсийн
эдийн засгийн агуулгатай үйл эрхлэхтэй холбоотойгоор үүсэх харилцааг сайн, муу,
сайхан, муухай гэх хэмжүүрт захируулан судлах мэдлэгийн төрлийг хэлдэг байна.
Бизнес хэмээх үг анхлан 1387 онд англи хэлнээ нэвтэрсэн
байх бөгөөд биз буюу завгүй байх гэх утгыг илэрхийлнэ. Харин 1727 оноос
худалдаа, арилжааны үйл гэх утгыг илэрхийлэх болжээ. Бизнесийн ёс зүй гэх
мэдлэгийн төрөл хүн төрөлхтний философи сэтгэлгээний хүрээнд 3000 орчим жилийн
өмнөөс яригдаж эхэлсэн боловч харьцангуй бие даасан судлагдахуун болсон нь XX зууны эхэн үетэй холбогдоно. Бизнесийн ёс зүйг орчин үед бизнесийн
байгууллагын соёлын хүрээнд судлаж шинжлэх болсон (А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю. Ерофеев, М. П.
Ерофеев, 2007, хуудсд. 5-198) . Зарим тохиолдолд байгууллагын соёл гэдгийг ёс
зүй гэдэгтэй адилтган үзэж судлах болсон. Эдийн засгийн агуулгатай үйл
ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдын эрх, үүрэг, зан үйлийг журамласан ёс
суртахууны хэм хэмжээний нийлбэр цогцыг байгууллагын ёс зүй бас соёл хэмээн
тодорхойлдог. Энэ хүрээнд
·
Байгууллагын
гадаад, дотоод бодлогын ёс зүйн үнэлэлт, дүгнэлт:
·
Байгууллагын
гишүүдийн ёс суртахууны зарчим:
·
Байгууллагын доторх
ёс суртахууны орчин:
·
Ажил хэргээ эрхлэн
явуулах ёс зүйн хэм хэмжээ гэх дөрвөн бүрдлийг авч үздэг байна.
Эх сурвалж
А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю.
Ерофеев, М. П. Ерофеев. (2007). Култура организации- ресурс для развития
бизнеса. Санкт-Петербург : «Гуманистика».
Comments
Post a Comment